2008-02-26
Зараар далласан хүний наймаа

Байна уу. Япон руу бүжигчин явуулна гэсэн үү?

-Тиймээ, чи хэдэн настай вэ, тавьсан шалгуурт нийцэж байгаа биз дээ?

 

-20 настай. Цалин нь хэд юм бол, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Тэрийг уулзаж байгаад ярья. Цагийн дараа энэ утсаараа залгаарай…

 

Гадаад руу, өндөр цалинтай ажилд царайлаг охид, бүсгүйчүүдийг зуучлах тухай сонин хэвлэлд нийтлэгдсэн зарын дагуу нэг өдөрт хэчнээн удаа иймэрхүү яриа болж, хэдэн монгол бүсгүй хил даван худалдагдаж буйг тогтоосон судалгаа хараахан алга. Ийм зар хүн худалдах гэмт хэргийн эхлэл болдог гэдгийг хэвлэлээр бишгүй анхааруулдаг ч охид хууртагдсаар, явсаар байна. Гэмт хэргийн үндсийг тавьсан элдэв зарыг сонин хэвлэлээр цацсаар байгаа болохоор тэр. Үүгээр дамжуулан монгол бүсгүйчүүдийг Япон, БНХАУ болон Европын зарим оронд худалдах үндэс тавигддаг.

 

Жилд хүн худалдах гэмт хэрэг 40-45 гардаг

Энэ бол “Хүний эрх хөгжил” төвөөс хийсэн судалгааны үр дүнгээр гарсан тоо. Манай улсын Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг гарсныг хангалттай баримтаар нотолсон бол эрүүгийн хэрэг үүсгэнэ” гээд заачихсан. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон, олон шат дамжлагатай учраас хангалттай баримт олох боломжгүй. Үүнээс болоод дээрх тооны хэргийн 20 орчимд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалздаг аж.

 

Гэтэл 8-10 хэрэг нь тодорхой үндэслэл, бүрэлдэхүүнгүй зэрэг шалтгаанаар шүүхийн өмнөх шатанд хэрэгсэхгүй болно. Ингээд ч зогсохгүй нь. Учир нь замдаа танагдсаар жилд 10-15 хэрэг шүүхэд шилжүүлэхэд 50 хувийг нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгодог байна. Үүнийг мэргэжлийн байгууллагын ажилтнууд хүн худалдах гэмт хэргийг илрүүлэхэд шаардагдах санхүүгийн зардалгүй, тактикийн алдаа гаргадагтай холбон тайлбарлаж байна. Хууль эрх зүйн орчин сул байгаа нь ч үүнд гол нөлөөтэй. Учир нь энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 113 хэмээх ганц заалтаар ял оноож буй. Энэ нь хүндрүүлэн үзэх нөхцөлтэйгээр хамгийн дээд тал нь 15 жилийн хорих ял оноох заалт юм.

 

Эдүгээ Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулахаар ярьж буй. Гэтэл дээрх амьдралгүй заалтыг халсангүй. Бас төсөөтэй заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж болдоггүй. Тиймээс Эрүүгийн хуулийн “Хүн худалдах болон худалдан авсан, зуучилсан” гэсэн заалтын зуучилсан гэдэг үгийг элсүүлэх, дамжуулах, нуун далдлах гэж үйлдлээр нь задлах учиртай хэмээн мэргэжилтнүүд ярьсан юм. Учир нь энэ бол хангалттай баримтаар бус, үйлдлээр нь илрүүлдэг гэмт хэрэг. Гэтэл манай одоогийн хуулиар ганцхан зуучлагч ял аваад бусад нь инээгээд үлдэж байна.

 

 “Шуурхай зар” сонины нэгэн дугаарт хэвлэгдсэн “18-25 насны царайлаг бүсгүйчүүдийг Сингапурт массажистын ажилд зуучилна. Цалин өндөр. Утасны дугаар …” гэсэн зарын дагуу 20 гаруй насны нэгэн бүсгүй холбоо барьжээ. Тэрбээр гадаадад гарч, өндөр цалинтай ажил хийх сонирхолтой байгаагаа зар өгсөн эмэгтэйд тайлбарлаад, уулзаж тохирсон аж. Бүсгүйн бичиг баримт, гадаад паспортыг өнөөх хүн 72 цагийн дотор л бэлэн болгосон байна.

 

Гэхдээ бүсгүйгээс нэг ч төгрөг гарсангүй. Бүх зардлыг өгөөмөр зантай зуучлагч даажээ. Түүнтэй хамт дөрвөн бүсгүй Сингапурыг зорихоор онгоцны буудалд ирэв. Удахгүй орон сууц, машины мөнгөнтөй болоод ирэх өөдрөг бодол өвөртөлсөн бүсгүйчүүдийг онгоцондоо суухын даваан дээр цагдаагийн ажилтнууд зуучлагч эмэгтэйн гарт гав зүүх нь тэр. Энэ мөчид тэд хил давуулан худалдагдах гэж байснаа ойлгожээ. Зарын дагуу ярьсан анхны эмэгтэй цагдаагийн ажилтан байсан учраас дөрвөн монгол бүсгүйг харийн нутагт бэлгийн мөлжлөгөд өртөн боол болон хувирах бараан ирээдүйгээс нь аварч чадсан байна.

 

Цагдаагийн байгууллагаас 2006 оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд зарын дагуу мөрдөх ажиллагаа хийсэн нь ийнхүү амжилттай болжээ. Уг гэмт хэргийг үйлдэх гэж байсан элсүүлэгч эмэгтэйг Н.Нарангэрэл гэдэг аж. Үйлдэл дээрээ баригдсан учраас түүнд шүүхээс хорих ял оноосон байна. Ийнхүү хүн худалдах гэмт хэрэгт оролцсон, үйлдсэн гурав дахь хүн ял сонссон нь энэ. Өмнө нь 2005 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлээр Дөлмаа хэмээх эмэгтэй хамгийн олон буюу 10 жилийн ял авсан юм. Мөн хуулийн 124 дүгээр зүйлээр бас нэг гэмт хэрэгтэн ял дуулсан.

 

Хохирогчдын 1/3 нь зараас мэдээлэл авчээ

Хүний наймааг даллагч хэргийн эзэн болох зарыг цэгцлэх нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулах нэг гол ажил. Гэтэл Зар сурталчилгааны тухай хуульд зах зээлийн эрэлтийг нэмэх зорилготой мэдээллийг зар сурталчилгаа гэнэ хэмээн тодорхойлсноос болж эрхэм зар хуулийн гадна үлдээд бүрэн эрхээ эдлэх болжээ. Үүнийг анзаарснаар уг хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж эхлээд байна. Холбогдох байгууллагууд долоон нэмэлт, өөрчлөлт хийх санал оруулжээ. Тухайлбал, зарыг хамруулж, хянахаас гадна мэдээлэл түгээж болох хэрэгслийн төрлийг задалж, нэмсэн аж.

 

Хүний наймааг далласан зар ихэвчлэн “Шуурхай зар”, “Зар мэдээ” зэрэг сониноор гардаг. Дээрх төвөөс хийсэн судалгаанаас үзвэл хохирогчдын 1/3 нь хэвлэлээр гарсан зараас, 1/3 нь хувь хүн болон нийтийн шинжтэй мэдээллээс, үлдсэн нь биечлэн уулзаж мэдээлэл авсан байна. Замбараагүй зарыг хянадаг боллоо ч цаана нь мэдээлэл авах гарц үлдэх нь. Тэгэхээр ганц хуулийг өөрчлөөд зогсохгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид хохирогчдыг элсүүлж болох бүх замыг хянаж, хаах учиртай.

 

Мөн гэмт хэрэгтнүүдэд богино хугацаанд хуурамч бичиг баримт гаргаж өгдөг ИБМУТ-ийн ажилтнуудад хариуцлага тооцож, хяналтыг сайжруулах нь чухал. Бас охид бүсгүйчүүд сайн дураараа очиж хохирдгоороо хүний наймаа онцлог. Тиймээс охид, бүсгүйчүүддээ хүн худалдах гэмт хэргийн талаар сэрэмжлүүлж, мөнгөний амтанд хууртахаа болиход нь мэдээллээр туслах учиртай бус уу.
Сэтгэгдэл:


yaho:-ss yaho:-ss yaho:-ss yaho:-ss
Бичсэн: Зочин цаг: 13:35, 2008-04-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
© 2007 Миний блог